2015-01-26

Рагчаагийн Нэргүй


АНИР ДАРСАН ХАЙР
Адууны зүүдэнд л хоёулаа ирдэг байя
Төөрсөн унага ижийдээ иртэл тэврэлддэг байя
Бороо шиврэхийн гэгэлзэл,
Цэцэг ургахын догдлол тэнд байхгүй
Зовхи, сормуусаар хүрээлж
Тэнгэрийн амьтны мэлмийд үүрээ зассан гэдгийг
Бурхан олохгүй болохоор
Эрлэг ч эвдэж чадахгүй
Адууны зүүдэнд л хоёулаа эрхэлдэг байя
Үргэсэн эх шувуу үүрэндээ эргэтэл тэврэлддэг байя
Өвс хугарахын эмзэглэл,
Од харвахын харамсал тэнд байхгүй,
Эхлэл, төгсгөл ч үгүй болохоор
Энд
эхийнх шиг цаг хугацаа ноёлохгүй
Адууны зүүдэнд л хоёулаа учирдаг байя
Тамын зовлонг диваажингийн жаргал болтол амрагладаг байя
Одод шаргисан тэнгэрийн дор ч биш,
Өвс ургасан газрын дээр ч биш,
Өнө хожмоо бид хоёрыг энд байсан гэдгийг хэн ч мэдэхгүй
Адууны зүүдэнд л хоёулаа учирдаг байя.
 

Давталт

Цонхны цаана цас бударна
Цочсон юм шиг тэр бийрээ шүүрнэ
Цэнхэр нүдтэй бүсгүйнхээ мээмийг зурж буй
Тэглээ гээд би догдлох ч үгүй, хардах ч үгүй
Хачин уйтай дараагийн цаснаар тэр намайг
                                    яг ингэж зурна
Нүгэл горьдоогүй тавилангийн минь хувцсыг
                                    нүдээрээ тайчиж
Тэр намайг нүцгэнээр минь зурна.

No comments:

Post a Comment