2015-01-26
Х.Баярмагнай
НАДААС ТОМ ОЛЗ
Хавийн залуусын нүдэн дотор угаагдаж
Хачин гое гоо үзэсгэлэнг олсон чамайгаа
Хаврын нялх яргуй мэт санаж хайрлаж явсаар
Хариас ирэх шувуудын гурван жилийн зэлээр хадаг зэхлээ
Хос хул морьдынхоо нэгийг нь чамд зүсэлж
Хорвоогийн хатуу жамыг зөөллөх гэж
Таанын толгой дохилзсон сайвар үдшээр
Танайхыг зүглэхэд
Хос морьдын минь саран дотор
Хөх тэнгэрийн нар мэлтийж л байлаа
Хүлгийн минь дэлэнд орооцолдох
Хөвөрсөн утас мэт салхи нь
Өвөрт минь шургачин орж
Өлөн үзүүрээрээ гижигдэхэд
Надаас ондоо жаргалтай хүн үгүй мэт санагдаж
Намирсан зөөлөн тоостойгоо уяаан дээр нь буулаа
Угз угз чангаасан салхитай цуг
Уул шиг том хаалгыг нь татаж орохдоо
Бүтэлтэй азын заяагаа ханых нь гадаа гээж
Бүдэрч уналаа би
Босгонд нь...
Нар багтам гэрт нь хоймрыг нь эзэлж суугаа
Надаас том олз миний өмнө орчихсон л байжээ
Гэрээс нь гарч явахад
Хөлөн дор минь цэцэгсийн амь тэмцэж
Хөтөлгөө морьдын минь саран доторх
Хөх тэнгэрийн нар жаргачихсан л байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment