2010-12-26


Эзэнгүй өвөл

Эл хульхан
Уйтгар гуниг минь
Улам дотогшоо л...
Чамгүйгээр би
Цасгүй өвөл шиг
Хоосон, бас өөртөө
Хүйтэн байна аа.

2010-11-11

...





Бөглүү тосгодын дундах ганц улиас шиг

Бөртийгөөд л...
Чи тийм цор ганц, надад
Бодох тусам тархи нулимс шиг
Зангираад л...
Би тийм хайртай, чамд

2010-11-10

Нойтон...


Би бороонд дуртай
Яагаад гэвэл, нүд минь

Нойтон...

Би бороонд дуртай

Яагаад гэвэл, зүрх минь
Нойтон...
Гоо дуслаараа зүрх үрүү тэмүүлж

Гол уруу минь нэвчийг хүсдэг ч

Уйт борооноос ангид

Улаан цусаар тэжээгдсэн
 

Хүрэн зүрхэн хүн гол минь
Нойтон...

Би бороонд дуртай

2010-10-26

Яруу найрагч Б.Батзаяагийн анхны шүлгийн ном “Баяртай, гуниг минь”: ГАНЦААРДАЛ ЯГ Л ЭЛС ШИГ


Амита:Сайн байна уу? Чамайг яагаад “Баяртай гуниг минь” гэж?
БГМ: Далай, уул үүлэн дунд
Даалгүй орхисон гунигийг минь
Дараа хэн нэг нь ирж авах л байх даа.
Амита: Хэн нэгэнд зориулагдаа юу?
БГМ: Ганцаардлын захгүй талд од ширтэн хэвтэхдээ
Газар дээр биш тэнгэр дээр байгаагаа олж мэдсэн
Яг энэ л агшин шиг хэн гуниглаж чадна
Яруу үгсийг минь тэр л ойлгож надад хань болно.
Амита: Би хань болж чадна гэвэл?
БГМ: Ганцаардал гэдэг яг л элс шиг
Шигдээд л... шигдээд л...
Гараас минь чи л татахгүй бол...
Өнчин жигүүрээр дүүлээд хүрчихдэг дурлалын оргил гэж байх ч биш дээ
Өнөөдрийг дахиад л ганцаараа үдвэл сэтгэл үхэх ч юм шиг
Амита: Тэгээд амьдралын юу нь сайхан юм бэ?
БГМ: Үнэхээр сайн харвал цэцэгнээс илүү навч сайхныг мэдэж болно
Үхэл бүхэн үхэл биш зарим нь амьдрал байдгийг ухаарч болно
Амита: Зүрхэлж асуумаар байна. Яруу найргийн мөн чанар юу вэ?
БГМ: Үргэлж тайлах гэж яддаг нууц маань
Чамайг ч бас үзэхээр очиход
Үүн шиг хов хоосон манан байвал яах вэ
Амита: Хүмүүс итгэхгүй дээ, үүнд?
БГМ: Хажуугаар чинь хүн-гуниг нулимстай өнгөрөхөд
Харах ч үгүй инээгээд л зөрдөг
Хашгираад хэнийг ч хамаагүй тэвэрмээр болоход
Харцаараа түлхээд л унагадаг
Хүмүүст би гомддог.

Хан тэнгэр минь байлаа, чи

Н.О-д

Одоо ч би чиний нүдийг
Ой тойндоо, тархинаасаа харахыг хүсдэг
Орон зайгүй зүрхнийхээ ёроолоос хайдаг
Олон нүд миний өмнө... чиний нүдийг сануулдаг
Огт адилгүй, гэхдээ л санадаггүй нүдийг чинь
Онгичоод онгичоод олж хараагүй нүдээ
Зүрхээрээ мэдэрч уйлдаг ч мартахаас айдаг
Мартахаас айж уйлдаг ч санахаас айдаг
Ертөнцийн хавраар анхлан ирсэн чиний
Ер бусын гүн, дулаан өнгийг үгүйлдэг, одоо ч
Хаврын түрлэг эхэлсэн тэр нэгэн цагийн
Хан тэнгэр минь байлаа, чи

2010-09-15

Урьдын зүрх

Уйтгарлан гуних минь хязгааргүй ээ
Ус мөрөн мэт хэрнээ, голдоо ёроол үгүй
Уйт сэтгэл минь бүхэлдээ орон зай
Уруугаа харсан ч утга нь алдагдахгүй ээ
Уруул минь цус шиг улаан ч сар мэт хүйтэн
Угаасаа би зүрхгүй хоосон
Уйлахдаа ч нулимс үгүй хатсан
Ухаж харласан нүдээ нухлахад
Улаан цусаар нүүр минь будагддаг
Урьд би зүрхтэй байлаа
Улаан өнгөөр будаж тоглодог байлаа.
Харин одоо тэнд хар хүний
Хар дарсан зүүд тэнүүлчилж
Орон зайн ёроол үгүйд
Орь дуу тавин гинших болж.

ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ

Ямааны мах халуун дээрээ л, царцвал гэдсэнд халтай

Ямааны мах халуун дээрээ сайхан, удвал өөх нь амархан царцана. Учир нь ямааны маханд ханасан тосны хvчил бусад махнаас их байдаг. Гэхдээ ямар ч мах шинэ дээрээ л хамгийн аюулгүй, хамгийн ашигтай. Харин хэлц үгийн хувьд “Ямааны мах халуун дээрээ” гэдэг утга нь ердөө л цаг хугацаа алдахгүй л гэсэн үг шүү дээ. Яг үүнтэй адилхан бид байгаа юм аа олж харахгүй, байхгүй уруу зүтгэсээр цаг хугацааг алдаад байна. Нөгөө алтан дээр суусан гуйлгачин гэдэг тодотгол минь бүр үүрд салахгүйгээр “наалдчих” вий дээ.

Оюутолгой бол Монголын хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн том итгэл найдвар билээ. Олон хүн Оюутолгойг л хүлээн нүдээ чилээж, гараа тосож суугаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал хэлэлцээд арав илүү, хорь шахуу хоногийн нүүрийг үзлээ. Хэлэлцэгчид “хүнд байна” гэсэн хариултыг өгсөөр...

УИХ 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан бөгөөд нэгдүгээр үе шатандаа “2008-2015 онд стратегийн орд газруудыг ашиглах, улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн мэдлийн хувь хэмжээг тогтоох, уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордыг ухаж олборлоод нааш нь цааш нь, гадаадад гаргах, дотооддоо “яах” мөнгө төгрөг нь засаг төрд маань байхгүйгээс хойш дэлхийд нэлээд дээгүүрт ордог уул уурхайн компани олборлоё гэж байгаа дээр нь олон улсын жишигт нийцүүштэй бүх талын гэрээг нь байгуулаад бусдын жишгийн дагуу л олборлуулаасай. Энүүхэндээ гэж хэлэхэд иймэрхүү хөрөнгө мөнгө гаргаж чадах, ингэж олборлолт явуулж чадах, эрсдэл хүлээж чадах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадах тоотой хэдхэн уул уурхайн компани байдаг юм байна. Дэлхийд тэртээ тэргүй нүүрлээд байгаа, цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа хямралаас зөвхөн Монголыг суга татаад гаргаад ирэхгүй ч эдийн засагт маань илт нөлөөлж чадах нь тодорхой. Оюутолгойн хөрөнгө оруулалт бүтэлгүйтвэл хэн хохирох вэ? ард түмэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт хойшилбол хэн хохирох вэ? нөгөө л ард түмэн. Нөгөө л ард түмний чинь амьдрал дээшлэх байсан, ажилгүй нь ажилтай болох байсан, түрийвч нь түнтийдэггүй юм аа гэхэд нимгэнээс зузаан болох байсан. Хар ухаанаар бодоход шүү дээ, харин нарийн учрыг жаахан ухвал иймэрхүү тоо баримт дэлгэгдэнэ. Айвенхоу Майнз компани 2000-2008 онуудад Оюутолгой төсөлд нийт 1 тэрбум ам.доллар зарцуулаад байгаагийн 100 гаруй сая ам.долларыг геологи хайгуулын өрөмдлөгийн ажилд зарцуулжээ. Энэ хугацаанд дөрвөн мянга гаруй монгол иргэд шууд болон шууд бус ажлын байртай байсан бол 2009 оны байдлаар 500 гаруй ажилтан болон буурчээ. Уурхайн олборлолтын ид үедээ дунджаар 1850 ажилчин ажиллуулахаас гадна ил уурхай болон гүний уурхайн барилгын ажилд зургаан мянган ажилчин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо байдаг. Бид энэ тоог бас нэгэн тоотой жишмээр санагдлаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч ажилгүйчүүдийн тоо 39.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7203 хүнээр буюу 22.3 хувиар өсчээ. Харин яг өнөөдөр бол эдгээр ажилгүйчүүдийн тоо өршөөлийн хуульд хамрагдагсадаар буюу 2000-3000-аар нэмэгдэх болох нь. Ам нь нэмэгдээд ажил нь хомсдсон байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хямралын зах зухад нь өртөөд дээрээс нь өөрсдөө нэмрийг нь өгөөд хамаг хөрөнгө оруулагчдаа хүлээлгээд. Энэ хүлээлт, зогсонги байдал нь шууд бусаар эхнээсээ барилгын салбарт сөрөг үр дагаврыг авчирлаа. Барилгын компаниуд 200, 300-аар нь ажилчдаа цомхотгоод эхэллээ. Одоогийн байдлаар энэ салбарт нийт 11436 айлын 170 гаруй барилга ашиглалтад ороогүй, иргэд барилгын компаниудад урьдчилгаа болгож өгсөн мөнгө 174 тэрбум болж, барилгачид 431 тэрбум төгрөгийн хөрөнгөө барьцаанд тавьж дутуу барилгаа гvйцээе гэвэл 250 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ. Барилгын салбарын уналт улам цаашаа ужгирвал банкны барьцааны байранд сууж байгаа иргэд хохирно. Энэ салбарт ажиллаж байгаа ажилчид хохирно.

Энэ байдал нь цааш үргэлжлэхгүй гэх баталгааг хэн өгөх вэ? Барилгын салбарын хохирогчид гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүс жагсаал хийхээр болж иргэдийн хөдөлгөөнүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж эхэллээ. Энэ байдал нь хэт даамжирвал асуудлыг шийдэхгүй ч гудамжинд жагсаж, ямар нэгэн зүйлийг эвдэж байж уур бухимдлаа гаргаж сурсан монголчууд жагсаж эхлэх нь ээ. Байгалийн нөөцөд голчлон түшиглэдэг орнуудад бодлогын буруу шийдлээс иргэний дайн гарах магадлал 23 хувьтай байдаг гэсэн Оксфордын их сургуулийн профессор, Дэлхийн банкны захирал асан Поол Кольерын хийсэн судалгааны дүн танд нэгийг бодогдуулах байлгүй.

Барилга ажилгүйдэл зэрэг нүдэнд илхэн жишээ. Хэрэв төслийн цалингийн тухай боловсролын төлбөр, бас эрүүл мэндийн тухай, хувийн салбарынхны ашиг орлогын тухай энд дахиад л таатай яриа үүсэхгүй. Та өөрөөсөө бас хөршөөсөө, хамаатнаасаа, үгүй бол найзаасаа амьжиргааны төлөвлөгөө бас мөнгө төгрөг яаж байна? гээд асуу л даа. Байдал бүхэлдээ амаргүй л байгаа шүү дээ. Хүн амын ихэнх хувийн дундаж орлого амьдралын бодит баталгаанаас доогуур гэсэн албаны тоо баримтаар батлагсадын аман яриа аль хэдийн үүсчээ. Ямар ч байсан тэгш шударга хөгжлийг сонгож тэмээгээр тээх орлогоо хөдөлмөрөөр бий болгох хувь зохиол бий гэж монгол хүн бүр боддог буй за. Халаасанд минь мөнгө бүгүй байхад гишгэх газарт маань алт эрдэнэс нуугдсан юм бол авдраа уудлаад ач өгөөжийг нь үзэх цаг болсон биш үү?. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө ч гэж бий. Энэ цаг хугацаанд нь амжиж бодит алхмаа хийгээгүй олон асуудал бидний өнөөдрийн болон хойч үеийн маргаашийн шийдлийг хойш татна.

Бүх баялгаа идье! гээгүй шүү дээ, харин баялгаасаа хэрэгтэй цагт нь бага ч болов хүртэж нөгөө их өөрчлөлт, хөгжил, өөдрөг амьдрал гээч сонин чамин юмны талаар жинхэнээсээ яривал ямар вэ? Гэтэл өнөөдөр ихээхэн мөнгөгүйгээ баахан гайхаад бөөн алтан дээр суусан цөөн монголчууд чинь ямааны мах халуун дээрээ гэчихээд яг идэхээ болохоор гэдийгээд суучихлаа. Мах царцаад л ... ам уруу хийгээд өгчихгүй юм болов уу? гэж хүлээж суугаагүй байлтай.

ЗМ сонин 2009.08.10