ТОМ ХАЙР
Баруун саахалтын бага хүү амраг түүнд минь
Бас л над шиг хэтэрхий хайртай гэнэ. Баруун саахалтын бага хүү амраг түүнд минь
Хоёр туйлаас ассан гал хайрын торгон огтлолцолд
Хонгор чи минь шатах нь дээ янз нь
Баянаараа тэнэгээ нуусан хэн гуайн хүүд
Багын жаалхан чамайгаа өгөхгүйн тулд
Хүсэл хяслын шалтагт алаг нь байх хорвоод
Хүнийх болгочихоод шаналахгүйн тулд
Зүрхийг минь өвдтөл цавчлах азарган санаагаа сойж
Зөнгийнхөө алтан судлаар чамайгаа хурааж ирэхээр
Солонгын олон өнгөөр үгээ будаж
Сортосхон алхаатай дэлт шаргаараа
Бөгцөг мэт хорвоод морь буусан үзэсгэлэн чамдаа
Бөнжигнөтөл жороолсоор гангарч очно гэж мордлоо
Газрын эмзэг анир шаргал дэлээрээ тэмтрэх
Галт шарга морины минь явдал нь ороод ирэхээр нь
Хов орох зайгүй эртийн их л хүслийг нь
Хоёр талаасаа садарч уулзана...гэж онгирлоо.
Барлаг халтар саран тэнгэр тэмтрэн өндийх цагт
Багтаж ядсан хүсэлтэйгээ уяан дээр чинь иртэл
Бараат шанхын даншигт ч нүд соронздож жороолдог
Баруун саахалтын баяны хилэн хар морь нь
Миний л уяа даа гэсэн шиг хулмалзанхан зогсох нь
Мэнгэт жаалхан тэр минь хүнийх болж дээ...янз нь
Хайрын адайр зангийн минь цанхтай цагаан азарга
Хазаар булааж эргэв
Айлын уяан дээр ирчихээд орохгүй буцахын омог
Агуу өвгөдийн минь сэжигтэй ноцолдож эргэв.
Хар нь ихэдсэн орчлонгийн хар дээрээс
Хаан монголын ёсыг нь тангарч орхиод
Сарны хээтэй тоосыг тэнгэрийн чагтаганд сүлжиж
Сайхан чиг л чамдаа гомдон гомдон буцлаа би
Гэвч...Цээжин дотор цовхочсон эмнэг их хайр минь
Чингисийн их улсын ёсыг эвдсэн болохоор
Миний хайр том юм аа.
No comments:
Post a Comment