2015-09-15

Холын од уруу харвачих вий дээ

2009-06-25 16:32:43  /Хуучин блогоосоо/

Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ...
Тийм ээ хорвоод эдлэх жаргалыг минь аваад холын од уруу харвачих вий дээ, хайрыг минь аваад холын холд одчих вий дээ. Яасан их харамнал вэ? яагаад ийнхүү зөгнөсөн юм бол...
Дуу бүхний цаана дурсамж байдаг, дурсамж бүхний цаана эзэн байдаг. 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайхын уурхайд аймшигтай осол гарчээ. Энэ ослоос болж 20 сайхан залуу хийж бүтээх ид сайхан насандаа эргэж ирэхгүйгээр, маш харамсалтайгаар үүрд явсан юм. Арванхоёрдугаар сарын 17-ны даваа гаргийн 08 цагийн үед уурхайн гүнд хуримтлагдсан метан хий дэлбэрснээс үүдэн нуралт болж үндсэн малталтын хэсэгт ажиллаж байсан уурхайчид хийд хордон зарим нь нурангид дарагдан амь үрэгджээ. Тэднийг аврахаар уурхайн гүнд орсон таван аврагчид ч мөн хорт хийд цохигдон амиа алджээ. Эдгээр 20 залуугийн дотор шинэхэн гэрлэсэн нэгэн залуу оройн ээлжинд гардаг харин эхнэр нь өдөр ажилтай байдаг учраас уулзаж ярилцаад суух цаг зав тэр бүр гарсангүй. Тэгээд хос залуу бие биедээ захиж хэлэх өдөр тутмынхаа зүйлийг, хайрынхаа нандин үгээ ч нэгэн тэмдэглэлийн дэвтэр дээр бие биедээ бичиж үлдээдэг байсан нь хожим бүсгүйгээс нь олдсон байна. Хайрын гэрч болон үлдсэн тэр тэмдэглэлийн дэвтрээс энэ сайхан дууны шүлэг ч бас төрсөн түүхтэй.
Марал мичдийн анивчаан дундаа
Манхайх саран гэрэлтэй юм даа
Булгилах зүрхэнд хүсэл дуудсан
Булбарай чи минь ганцхан юм даа
Энгүй оргих тэнгэрийн уудамд
Мэлтийх саран гэрэлтэй юм даа
Мөрөөсөх сэтгэлд хайрын дуутай
Миний амраг ганцхан юм даа
Хайраа өгсөн нь чамд минь олонгүй ч
Харамлаж явахад жаргал юм даа
Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ хө

2015-02-26

Чамайгаа дуулъя даа


МУАЖ А.Долгор

Туулын ус нь мяралзана аа
Торгоны хээ шиг туналзана аа
Тунчиг тэр минь санагдана аа
Тунасан сэтгэл дэнслэнэ дээ
            Алсын сэлүүнд суугаа
            Амрагхан чамайгаа дуулъя

Алтайн уулс нь сүмбэрлэнэ ээ
Танан эрдэнээр цайвалзана аа
Амраг тэр минь бодогдоно
Анхил зүрх догдлоно доо
            Холын салгуунд суугаа
            Хонгорхон чамайгаа дуулъя даа

Хүйсийн орой нь шаргалтана
Хөрстний хязгаар цэлэлзэнэ ээ
Хөөрхий тэр минь зүүдлэгдэнэ
Хөөрсөн сэтгэл хөвөлзөнө дөө
            Бодлын тэнгэрт дүүлэх
            Борхон чиг чамайгаа л дуулъя даа

2015-01-26

Х.Баярмагнай

 
НАДААС ТОМ ОЛЗ

Хавийн залуусын нүдэн дотор угаагдаж
Хачин гое гоо үзэсгэлэнг олсон чамайгаа
Хаврын нялх яргуй мэт санаж хайрлаж явсаар
Хариас ирэх шувуудын гурван жилийн зэлээр хадаг зэхлээ
Хос хул морьдынхоо нэгийг нь чамд зүсэлж
Хорвоогийн хатуу жамыг зөөллөх гэж
Таанын толгой дохилзсон сайвар үдшээр
Танайхыг зүглэхэд
Хос морьдын минь саран дотор
Хөх тэнгэрийн нар мэлтийж л байлаа
Хүлгийн минь дэлэнд орооцолдох
Хөвөрсөн утас мэт салхи нь
Өвөрт минь шургачин орж
Өлөн үзүүрээрээ гижигдэхэд
Надаас ондоо жаргалтай хүн үгүй мэт санагдаж
Намирсан зөөлөн тоостойгоо уяаан дээр нь буулаа
Угз угз чангаасан салхитай цуг
Уул шиг том хаалгыг нь татаж орохдоо
Бүтэлтэй азын заяагаа ханых нь гадаа гээж
Бүдэрч уналаа би
Босгонд нь...
Нар багтам гэрт нь хоймрыг нь эзэлж суугаа
Надаас том олз миний өмнө орчихсон л байжээ
Гэрээс нь гарч явахад
Хөлөн дор минь цэцэгсийн амь тэмцэж
Хөтөлгөө морьдын минь саран доторх
Хөх тэнгэрийн нар жаргачихсан л байлаа. 

Рагчаагийн Нэргүй


АНИР ДАРСАН ХАЙР
Адууны зүүдэнд л хоёулаа ирдэг байя
Төөрсөн унага ижийдээ иртэл тэврэлддэг байя
Бороо шиврэхийн гэгэлзэл,
Цэцэг ургахын догдлол тэнд байхгүй
Зовхи, сормуусаар хүрээлж
Тэнгэрийн амьтны мэлмийд үүрээ зассан гэдгийг
Бурхан олохгүй болохоор
Эрлэг ч эвдэж чадахгүй
Адууны зүүдэнд л хоёулаа эрхэлдэг байя
Үргэсэн эх шувуу үүрэндээ эргэтэл тэврэлддэг байя
Өвс хугарахын эмзэглэл,
Од харвахын харамсал тэнд байхгүй,
Эхлэл, төгсгөл ч үгүй болохоор
Энд
эхийнх шиг цаг хугацаа ноёлохгүй
Адууны зүүдэнд л хоёулаа учирдаг байя
Тамын зовлонг диваажингийн жаргал болтол амрагладаг байя
Одод шаргисан тэнгэрийн дор ч биш,
Өвс ургасан газрын дээр ч биш,
Өнө хожмоо бид хоёрыг энд байсан гэдгийг хэн ч мэдэхгүй
Адууны зүүдэнд л хоёулаа учирдаг байя.
 

Давталт

Цонхны цаана цас бударна
Цочсон юм шиг тэр бийрээ шүүрнэ
Цэнхэр нүдтэй бүсгүйнхээ мээмийг зурж буй
Тэглээ гээд би догдлох ч үгүй, хардах ч үгүй
Хачин уйтай дараагийн цаснаар тэр намайг
                                    яг ингэж зурна
Нүгэл горьдоогүй тавилангийн минь хувцсыг
                                    нүдээрээ тайчиж
Тэр намайг нүцгэнээр минь зурна.