2015-09-15

Холын од уруу харвачих вий дээ

2009-06-25 16:32:43  /Хуучин блогоосоо/

Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ...
Тийм ээ хорвоод эдлэх жаргалыг минь аваад холын од уруу харвачих вий дээ, хайрыг минь аваад холын холд одчих вий дээ. Яасан их харамнал вэ? яагаад ийнхүү зөгнөсөн юм бол...
Дуу бүхний цаана дурсамж байдаг, дурсамж бүхний цаана эзэн байдаг. 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Налайхын уурхайд аймшигтай осол гарчээ. Энэ ослоос болж 20 сайхан залуу хийж бүтээх ид сайхан насандаа эргэж ирэхгүйгээр, маш харамсалтайгаар үүрд явсан юм. Арванхоёрдугаар сарын 17-ны даваа гаргийн 08 цагийн үед уурхайн гүнд хуримтлагдсан метан хий дэлбэрснээс үүдэн нуралт болж үндсэн малталтын хэсэгт ажиллаж байсан уурхайчид хийд хордон зарим нь нурангид дарагдан амь үрэгджээ. Тэднийг аврахаар уурхайн гүнд орсон таван аврагчид ч мөн хорт хийд цохигдон амиа алджээ. Эдгээр 20 залуугийн дотор шинэхэн гэрлэсэн нэгэн залуу оройн ээлжинд гардаг харин эхнэр нь өдөр ажилтай байдаг учраас уулзаж ярилцаад суух цаг зав тэр бүр гарсангүй. Тэгээд хос залуу бие биедээ захиж хэлэх өдөр тутмынхаа зүйлийг, хайрынхаа нандин үгээ ч нэгэн тэмдэглэлийн дэвтэр дээр бие биедээ бичиж үлдээдэг байсан нь хожим бүсгүйгээс нь олдсон байна. Хайрын гэрч болон үлдсэн тэр тэмдэглэлийн дэвтрээс энэ сайхан дууны шүлэг ч бас төрсөн түүхтэй.
Марал мичдийн анивчаан дундаа
Манхайх саран гэрэлтэй юм даа
Булгилах зүрхэнд хүсэл дуудсан
Булбарай чи минь ганцхан юм даа
Энгүй оргих тэнгэрийн уудамд
Мэлтийх саран гэрэлтэй юм даа
Мөрөөсөх сэтгэлд хайрын дуутай
Миний амраг ганцхан юм даа
Хайраа өгсөн нь чамд минь олонгүй ч
Харамлаж явахад жаргал юм даа
Хорвоод эдлэх жаргалыг минь аваад
Холын од уруу харвачих вий дээ хө

1 comment: