2010-09-15

МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШГИ

Таны халаасанд яг хэдэн төгрөг байна?

Оюутолгой, Тавантолгой... энэ нэрүүд монгол хүн бүхний чихэнд аав ээж, ах эгчийнх нь нэр шиг ихэд дотно санагдах болжээ. Ашиг орлогоороо амьдралыг ангалаас аварч гаргах ёстой ашигт малтмалын орд газар гэж бүрэн дүүрэн итгэсэн болохоор тэр шүү дээ. Тийм дээ ч эдгээр төслүүд монгол хүн бүрийн сэтгэлд хүлээлт үүсгээд байна. Мэдээж одоо байгаа дутагдаж гачигдсан амьдарлаа шинэ санхүүгийн боломжоор өөрчилж эхлэх, бас яг өнөөдөр наашилж буй энэ өвлийг ажрахгүй давах хүсэлт, хүлээлтийг...

Та өдөр болгон өөрөөсөө асуух атлаа хүн бүрээс шууд асуудаггүй нэг асуулт нь Таны халаас, хэтэвчинд хэдэн бор цаас байна?, цалин маань хэдийд буух бол гээд амаргүй бас хариулахаас айдаг асуултууд байдаг. Хариу нь шууд гарахгүй ч заавал хариулах хэрэгтэй байдаг. Төр засаг маань юу гэх сэн бол?

Засгийн Газрын мэдээллийн болон сонин хэвлэлийн хуудсанд байгаа бодит байдлын тоо баримтаас үзэхэд, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн энэ оны эхний хагас жилд 826.3 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1087.6 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 261.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 256.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 824.9 тэрбум төгрөг, урсгал зардал 860.3 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 35.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 261.0 тэрбум төгрөг буюу 28.8 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 166.6 тэрбум төгрөг буюу 84.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 59.4 тэрбум төгрөг буюу 44.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 13.0 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1086.7 сая ам.доллар буюу 39.6 хувь, үүний дотор экспортын хэмжээ 507,8 сая ам.доллар буюу 40.0 хувь, импортын хэмжээ 578.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар тус тус буурчээ. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт оны эхний хагас жилийн байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 742.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.1 тэрбум төг буюу 7.9 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 7.3 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 58.6 тэрбум төг буюу 22.6 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үилдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-50.2 хувиар буурсантай холбоотой гэжээ. Өнгөрсөн жилүүдэд орон сууцны үнэ огцом өссөний шалтгаан бол импортийн, энэ салбарын түүхий эдийн үнэ өссөнтөй холбоотой. Тодорхой хэлбэл тонн нь 600-700 ам.доллар байсан арматур төмөр 1200 ам.доллар, тонн нь 50-60 ам.доллар байсан цемент150 ам.доллар хүрчээ. Түүнээс гадна газрын үнийн өсөлт, түлш шатахууны үнэ гээд зэрэг олон хүчин бий. Харин энэ жилийн хувьд орон сууцны борлуулалт зогсч, барилгын компаниудад хөрөнгө оруулалт дутагдсанаас болж энэ салбарын 40 гаруй мянган ажиллагсад ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлсэн байна. Орон сууцны барилга гэхэд 11436 айлын 170 гаруй барилга ашиглалтад орж чадахгүй байна. Барилгачид 431 тэрбум төгрөгийн хөрөнгөө барьцаанд тавьсан бөгөөд дутуу барилгаа гvйцээе гэвэл 250 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны 6 дугаар сарын эцэст 357.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 23.4 тэрбум тог буюу 6.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.0 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар тус тус буурлаа.

Та эдгээр тоонуудыг сайн ойлгож байна уу?. Надад бол хүнд юм. Гэхдээ Монголын маань том халаасны бодит байдал энэ юм. Дээр бичсэн эдийн засгийн ойлгоход амаргүй бас бодох тусмаа хүндхэн тоонууд буурч байхад ажилгүйдэл л харин өсч байх юм. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 06 сарын эцэст 39.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7203 хүнээр буюу 22.3 хувиар өсчээ.

Ингээд бид халаас хэтэвчээ тэмтэрч бүх хямралын аврал, итгэл найдвар хүлээх газрын баялгаа тоолж суух мөчид Лондонгийн бирж дээр нэг тонн нь 8000 ам.доллараас хол давж байсан зэсийн үнэ одоо 6000 ам долларт хүрээд байна. Гэтэл эдийн засагчдын таамагласнаар зэсийн үнэ он гараад одоогийнхоос дахин 15-20 хувиар буурах төлөвтэй. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Лондонгийн бирж дээр зэсийн нөөцийн хэмжээ сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч 200 гаруй мянган тоннд хүрээд байна. Түүнчлэн 1000 доллар дөхөж байсан алт 600 доллар уруу унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 доллар хүрэх нь талаар болж 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэсэн таамгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Маргааш иднэ гэж хоолоо үлдээдэг Монголчууд нэг бодлын их л алсын хараатай улсууд нөгөө талын хоносон, хугацаа нь хэтэрсэн хүнс хоолоор ходоодоо дүүргэх дуртай, илүүдэл хоол гаргаад эрүүл мэндээ боддоггүй, эдийн засгийн тооцоогүй ард түмэн гэж хэлж болохоор. Энэ мэт бүдүүлэгдүү хэмнэх гээд хэтрүүлчихдэг жишээнүүд олон бий. Унжаад байхаар унаад ирдэг ч болоосой гэгч залхуугийн үлгэрийн бодит жишээ мөнөөсөө мөн хэрнээ унаад ирчихсэн байхад үмхээд авах аргаа олохгүй байгаа нь үлгэрийн дараагийн үе шат руу шилжээд байгааг харуулж байх шиг.

Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүлээж суухад биднийг өвлийн бэлтгэл ажил, ургац хураалт, шинэ хичээлийн жилийн бэлтгэл, үерийн үлдээсэн хохирол гээд зүсэн зүйлүүд хүлээж байгаа. Айлаар бол өвөлдөө өнтэй орохын тулд малынхаа өвсийг бэлтгэх, түлээ модоо татах, хашаа саравчаа шинэчлэх, өвөл юу идэхээ бодолцох цаг. Монголчууд ямар Оюутолгой гэдэг нэрийг “идэж” онд орох биш. Зөвхөн халаас хоосон өвөлтэй залгах миний гэлтгүй дэлхийн эдийн засгийг хямрал, гачаал нөмөрснөөр бидний итгэл хүлээлгэсэн ашигт малтмал, түүхий эдийн үнэ хурдацтай унаж, уул уурхайн компаниудын хувьцааны үнэ буурлаа. Монголын Үндэсний нийт үйлдвэрлэл гурав орчим тэрбум доллараар хэмжигдлэг бол Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалт нь нийлээд 11 тэрбум доллар болно гэж бас хэвлэлд бичжээ. Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдэн олборлолт хийж эхэлсэн бол зам тээвэр, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гэх мэтийн 200 гаруй жижиг үйлдвэрлэл дагаж хөгжих байсныг байг гэхэд Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд таван жил болж байгаа гэж үзвэл алдсан мөнгө ойролцоогоор хоёр тэрбум доллар болж, 10 000 орчим хүн ажилтай залгах байсан гээд л зарим нь ярих янзтай. Бид заримдаа нарийн учрыг нь олох завгүй тав арван бор цаас олж хоногтой залгах гээд байх зуур ашигтай бас ашиггүй, өнөөдөр биш маргааш ашиглана, гэрээ хийнэ гээд эх захгүй маргах юм. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж чадахгүй бол дараагийн хөрөнгө оруулагчийг хайна. Дараагийн хөрөнгө оруулагч бүх зүйлийг ахиад тэгээс эхэлж, ахиад л зургаан жил бүр түүнээс их хугацаа байж болох юм. Ингэж бид маргаашийн өөхийг өнөөдрийн өөх болгож чадахгүй байгаа юм чинь өнөөдрийнхөө уушгинд санаа тавих л үлдэж байгаа юм биш үү.

Өвлийг давах мөнгө надад бас засагт үгүй бол өвөл биднийг өршөөх болов уу?. Яг одоо таны халаасанд хэдэн төгрөг байна?.

ЗМ сонин 2009.08.06

No comments:

Post a Comment