Эхлэлгүй... Миний амьдралын эхлэлийн цэгийг хэн, хаана, хэзээ "тавьчихсан" юм бол. Миний аав уу, миний ээж үү, эсвэл би юу?
Би ижийтэйгээ хэзээ уулзсан байх вэ? Би анх хэзээ нүүрнийхээ арьсыг үрчийлгэн нүд хэмээх алаг аяганаас ус халин хацар исгэн урсаад уруул руу тонгойход нь нулимс гээчийн гашууныг мэдэрч уйлах гээчийн үнэнийг таньсан юм бол. Би анх хэзээ ижийдээ гомдож их нүгэл үйлдсэн байх вэ. Ижий аавдаа инээд хэзээ бэлэглэж ихэр наранг магнайд ньжаргаасан байх вэ. Би хэзээ хайртай дотно хүмүүсийнхээ дуу хоолой, үнэр, амтыг үгүйлдэг болов оо. Би хэзээ халгиж цалгисан их инээдний цаана хахаж цацсан их нулимс нуугдаж байдгийг анзаарсан бэ? Би хэзээ... би хэзээ...
Энэ үл анзаарагдам атлаа илт мэдрэгдэм хүсэл тачаал, үзэн ядалт, хайр энэрэл, чимээ анир, гэрэл гэгээ, түнэр харанхуйг хүртэл сайхан гэдгийг хэн хэзээ чихэнд минь шивнэчихэв ээ.
"Би" гэгчээс нэг ширхэг ч эд эс энэ ахуйд үл үлдэж миний үүл мэт сарнин замхрах нь, бороо мэт газарт шингэх нь, ус мэт урсаж одох нь хэзээ вэ?
Юу мэдрэх минь хэн нэгнээс хамааралтай ч юу гэж хэлэх минь хэнээс ч хамааралгүй гэж ойлгоносон бас итгэсэн минь хэзээнээс вэ?
No comments:
Post a Comment