2011-05-04
2011-05-03
2011-04-25
СҮҮЛЧИЙН ЦАС, АНХНЫ БОРООНООР...
Өглөө сэрээд цагнаас цонх уруу харц минь шилжлээ. Цас орчихжээ. Ахиад нөгөө л өвөл, нөгөө л хүйтэн уулс, яасан урт өвөл вэ.
Модод аль хэдийн гөлөглөчихсөн, өвс аль хэдийн өндийчихсөн байхад хэнийг ч үл тоох хэнэггүй хөх тэнгэр юу ч болоогүй юм шиг цасаа хаялсаар л байх юм. Үүгээр л өвөл дуусаасай. Түүний дараа шүүхийн тогтоол шиг хаврын урт өдрүүд ар араасаа хөглөрөхийг мэдэж буй хэрнээ гуниг огт төрөхгүй. Хаврыг хүлээгээд байгаагаа би сая л мэдлээ.
Цас орсон ч цонхны цаана бодсоноос бүлээн. Амьсгалаар уур савсаад агаар байдгаас тунгалаг. Өглөө бүр автобусны буудал дээр тааралддаг танил харцууд өөдөөс угтаж инээмсэглээд л... Сүүлчийн цас анхны борооноор сүрэг хүмүүсийг зүсэн тэнүүчлэх бодолтойгоо би өглөө эртлэн Зайсан толгойг зорино.
Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын наранд өртмөөргүйөнжмөөрөө
Бор дарсанд согтмооргүй дуулмаараа... FM-ээр борооны тухай дуунууд бөмбөгдөж бодлын наранд харин ч сайн өртөөж байх шиг. Нүд бүхнээс бодол уншигдахаар... хүмүүс цонх уруу толгой шаан бодлогоширно. Зам түгжирсэн ч бодолдоо дарагдаад анзаарахгүй, харин ч аятайхан байгаа юм уу гэмээр бүүвэйлэгдэн явна. Гадаа бороотой өглөө, автобусанд бороотой өглөө, хүмүүсийн бодолд ч бороотой өглөө байгаа болохоор тэр биз. Би гэдэг хүн нийслэлийнхээ хойд хязгаараас урд хаязгаар хүртэл унаа дамжин гүйсээр өглөө бүрийн есөн цагтай уралдан ирнэ.
Анхны борооноор Аримагийн “үлдээсэн” шиг би бороо далимдуулж зөндөө уйлахыг эртнээс хүссэн хэрнээ яагаад ч юм уйлах шалтгаан олдсонгүй. Эсрэгээрээ сэтгэл нэг л хөнгөн. Надаас өөр хүн үгүй газарт байсан бол цоглог дууг ганцаараа, чангаараа ганц сайхан аялмаар юм шиг л. Уг нь уйлах сайхан боломж юмсан. Цээжин дээр дараад байсан, нэг нэгээр нь хойшлуулаад байсан нөгөө олон уйлах шалтгаан цас шиг замдаа бороо болоод хаа нэгтээ шингэчихсэн эсвэл алга болчихсон.
Сүүдэр буусан ийм өдрүүдээр гуниг л намайг аргаддагсан
Гэтэл...
Салхинд цохиулсан сүмийн хонх шиг сэтгэл жингэнээд
Санаа алдах нь чихнээс зүрхэнд минь хүрэх
Түүнийг...
Сайхан гэж өөртөө итгээд бодох жаргал юм аа.
Машины цантсан цонхон дээгүүр бороо урсаад л... урсаад л, маргааш ч бас ийм байгаасай гэж хүснэ. Хэн нэгэн хажууд минь хэтэрхий чухалчилж яриад л... яриад, түүнийг нь сонсохгүй хэрнээ харин түүний тухай бодохгүй байж чадахгүй. Хэн нэгнийг хажуудаа байгааг мэдрэх, мэдрээд сэрдхийхгүй байх. Тийм мэдрэмжийг би бараг мартаж дээ. Байх ёстой юм шиг хүлээж авах юмсан. Хэсэг загнаж уурлахад нь явчихмаар байдаг ч тэгж чадахгүй. Гомдох ч үгүй зүгээр л инээхийг хичээж сууна. Энэ хүн надаас айдаг байх даа гэж бодохоор эгдүү хүрнэ.
Тэгээд нөгөө бороон дуслууд шил мөргөн унах нь өвдөлт, үхэл ч юм шиг, дусаад цацрах нь, гэрэлтэх нь инээд ч юм шиг алаг хорвоо. Алаг амьдрал. Яг л нулимс шиг юмаа. Баярлахад ч хажууд, гуниглахад ч хажууд байдаг тийм нулимс шиг.